Эрүүгийн хууль тогтоомж нь нийгмийн амин чухал эрх ашиг, сонирхлыг гэмт халдлагаас хамгаалж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тогтоодог бол зөрчлийн хууль тогтоомж нь гэмт хэргийн шинжгүй боловч хуульд харшилсан үйлдэл, эс үйлдэхүйд хариуцлага хүлээлгэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг тогтоодог.
Зөрчлийн тухай хуулиар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг зааж, зөрчлийн шинжийг бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлдог. Нийгмийн хор аюул багатай үйлдлүүд түүнчлэн хууль, дүрэм, журам, норм, стандарт зөрчсөн эсхүл тодорхой нэрлэн заасан үйлдэл, эс үйлдэхүйг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үздэг.
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор явуулж буй зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр шүүхээр хянан шийдвэрлэх цогц ажиллагааг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа гэж ойлгоно.
Прокурор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, төрийн болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна.
Энэ хүрээнд эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан эсэх, Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэх, оногдуулсан шийтгэл, албадлагын арга хэмжээ хуульд нийцсэн эсэхийг хянана.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос эрх бүхий албан тушаалтан болон зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг хянан үзэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ.
Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилгоор хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд шалгалт хийж, зөрчлийн шинжгүй үйлдэлд үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг зөрчилд тооцон шийдвэрлэсэн, хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэж, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан бол хуульд заасан журмын дагуу тухайн шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрчлүүлэхээр шүүхэд дүгнэлт бичнэ.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад тухайн үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан зохих байгууллагад шилжүүлнэ.